Шүдний имплант суулгуулсан хүн арван насаар залуу харагддаг

Гэтэл энэ нь цаашдаа ямар сөрөг үр дагаварт хүрдэг талаарх мэдлэг хомс байдаг нь харамсалтай. Шүдгүйдлийн улмаас зажлах, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа хямрах төдийгүй хэл ярианд өөрчлөлт орох, гоо сайхан алдагдах зэрэг маш олон сөрөг үр дагавар авчирдаг. Хэрвээ та цоорол болон бусад ямар нэг шалтгаанаар шүдээ алдсан, гэмтээсэн бол нааш нь анхаарлаа хандуулаарай.

Монголд имплант суулгаж эхэлснээс хойш бараг 10 жилийн хугацаа өнгөрчээ. Өнөөдөр хүмүүс имплантыг маш ихээр сонирхох болсон нь анзаарагддаг. Тэгэхээр имплант гэж яг юу вэ?

Имплант гэдэг нь эрүү болон хоншоор ясанд суулгадаг цэвэр титаны хайлшаар хийгдсэн цилиндр, конус хэлбэртэй тулгуур юм. Имплант гэдэг зүйл нь зөвхөн тулгуур хэсэг нь бөгөөд дээр нь хийгдсэн хиймэл цөгцийг нь имплант тулгуурт шүдэлбэр гэж нэрлэдэг. Товчоор хэлвэл имплант нь хүний өөрийн шүдийг хамгийн төстэй орлож чадах авагддаггүй шүдэлбэр юм.

Имплант эмчилгээ хэрхэн хийгддэг вэ?

Шүдээ алдсан шалтгаан, хугацаа, шүдний байршил гээд өвчтөн бүрийн түүх өөр өөр. Тиймээс эхлээд эрүүний рентгин зураг авч үнэлгээ хийн зөвхөн тухайн үйлчлүүлэгчдээ таарсан эмчилгээний төлөвлөгөө гаргана. Имплант суулгах явц нь ихэвчлэн 2 үе шаттай хийгддэг. Эхлээд шүдний ёзоорыг  орлуулан хийж буй титан имплантыг эрүүний ясанд суулгах мэс ажилбар хийгдэнэ. Титан нь хүний биед хамгийн сайн зохицдог метал юм. Ийнхүү ясанд бороо үүсч эдгэтэл хэсэг хугацаанд хүлээгээд CAD/CAM аппаратаар хийгдэх бүрээсийг имплантан дээр суулгаснаар ажилбар дуусдаг.

Авагддаг хиймэл шүднээс имплант юугаараа давуу юм бол?

Имплант нь хөдөлгөөнгүй суулгагддаг учраас хиймэл шүд хэрэглэхэд үүсдэг унах, сугарах, буйлтай хавирах, хэл ярианд өөрчлөлт орох зэрэг асуудлууд тулгардаггүй. Авагддаг хиймэл шүд нь тойрон эдэд ачаалал өгч хоёр талын шүдээ сулруулж байдаг. Өөрөөр хэлбэл бусад эрүүл шүдэндээ халгаатай гэсэн үг. Хиймэл шүднээс зажлах хүчний хувьд имплант хэд дахин илүү. Мөн түүнчлэн хиймэл шүдний наалт зэрэг нэмэлт хэрэгслүүдэд илүү зардал гаргах шаардлагагүй болно. Хамгийн гол нь дуртай зүйлээ идэх, инээх, ярих зэрэгт өөрийн төрөлх шүд мэт мэдрэмжийг өгдөгөөрөө давуу талтай.

Шүдний имплант суулгуулах нь ямар ач холбогдолтой вэ?

Хүн шүдээ алдсаны дараа эрүүний яс нь шимэгдэж эхэлдэг. Энэ нь тухайн хүний нүүрний хэлбэрт өөрчлөлт оруулан хөгшин харагдах үндэс болдог юм. Харин шүдний имплант хийлгэснээр эрүүний яс унаган хэлбэрээ хадгалан үлдэх боломжтой болдог ба үүний үр дүнд 10 хүртэлх насаар залуу харагддаг.  Мөн шүдний имплант суулгуулснаар төрөлхийн  шүдтэй байхдаа идэж чаддаг байсан самар, алим зэрэг зажлууртай хүнсний зүйлсийг өмнөх шигээ чөлөөтэй идэж болно. Ийнхүү эрүүл хооллож эхэлснээр биеийн эрүүл мэнд бүхлээрээ сайжирдаг.

“Хэдий чинээ хугацаа алдана төдий чинээ авахуулсан шүд   орчмын ясны эд хатингаршиж шимэгддэг”

Шүдээ авахуулснаас хойш хэр хугацааны дараа имплант хийлгэж болдог вэ?

Имплантийг зарим тохиолдолд шүд авсны дараа шууд, эсвэл 3 сар хүртэлх хугацаанд хүлээгээд хийдэг. Хүлээх эсэх нь үүдэн араа бүлгийн шүдний аль нь болох, мөн тухайн шүд авагдаж буй шалтгаанаас хамаарна. Уншигчдадаа хандаж хэлэхэд шүдээ аль болох авахуулахгүйг хичээх хэрэгтэй. Өөрийн төрөлхийн эд эрхтэн шиг үнэ цэнтэй зүйл хаана ч байхгүй шүү дээ. Осол гэмтэлд өртөх, яалтачгүй өвчний улмаас гээд шүдээ алдах гээд олон янзын шалтгаан бий. Аль ч тохиолдолд цаг алдалгүй нөхөх арга хэмжээг аваарай. Ер нь имплантыг шүдээ алдсанаас хойш хэдэн ч жилийн дараа суулгаж болно л доо. Гэхдээ хэдий чинээ хугацаа алдана төдий чинээ авахуулсан шүдний орчмын ясны эд хатингаршиж шимэгддэг юм. Ингэж  шимэгдсэн тохиолдолд тэр хэсэгт нэмэлт хиймэл яс суулгаад имплант хийдэг.